Дэлхийн Зөн Монгол ОУБ нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, тэр дундаа байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшиг ослыг хохирол багатай даван туулах өрхийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг тогтмол хэрэгжүүлдэг.
Үүний хүрээнд 2023 оны намар 2024 оны өвөл нийт нутгийн 90 хувийг хамарсан зудын урт хугацааны хүнд нөхцөлд мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг эрсдэлт бүлгийн малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах үүднээс зудын эрт болон хариуцогц арга хэмжээнүүдийг авч ажилласан.
Бид гадаад болон дотоод эх үүсвэрээс санхүүжилт босгон зудад өртсөн нийт 16,600-аад малчин өрхийн дал орчим мянган иргэд, тэр дундаа 34,500 орчим хүүхдэд нэн шаардлагатай яаралтай тусламж буюу бэлэн мөнгө, хүнсний болон эрүүл ахуйн багц, малын тэжээл зэргийн тусламжийг үзүүлсэн. Энэхүү яаралтай тусламжийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын 100 ажилтан, 400 орон нутгийн идэвхтнүүд хамтран Монгол Улсын хилийг 2,7 удаа тойрохтой тэнцэх хэмжээний замыг өвлийн хахир хүйтэн, хаврын хавсарга, шавар шалбаагийг үл хайхран туулж хүүхэд, малчдад хүргэсэн билээ.
Зудын тусламжаар хүлээн авсан тусламжид малчид, хүүхдүүд сэтгэл хангалуун байсанд бид туйлын баяртай байна. Зудын яаралтай тусламжийн үр дүнгийн видеог доорх линкээр хүлээн авч үзээрэй.
Зудын хүндрэлийг давахад малчид, хүүхдүүдэд туслахаар нийт 22,800 км зам туулжээ.